Friday, March 7, 2008

Засгийн газар есөн яамтай байх хуулийн төсөл боловсруулжээ (2008-02-28)

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Шинэ хуулийн төсөлд Засгийн газрын бүрэлдэхүүнээс Шадар сайдыг хасч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг Засгийн газрын гишүүн биш байхаар өөрчлөн, яамдыг дэд сайдгүй байхаар зохицуулжээ. Одоогийн Засгийн газар 13 яамтай, Ерөнхий сайд болон Засгийн газрын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Түүнчлэн эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, салбар хоорондын уялдааг сайжруулах, тэдгээрийг эдийн засгийн нэгдсэн бодлогоор хангах үүрэг бүхий Эдийн засгийн хөгжлийн газрыг шинээр байгуулахаар төсөлд тусгасан хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

-Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Түлш, эрчим хүчний яам гурвыг нэгтгэн Дэд бүтэц, хот байгуулалтын яам болгох,

-Үйлдвэр худалдааны яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамыг нэгтгэн Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам болгох,

-Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг нэгтгэн Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болгох,

-Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа геологи, эрдэс баялгийн бодлогын асуудлыг Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, Байгаль орчин, эрдэс баялгийн яам болгох,

-Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа гадаад худалдааны асуудлыг Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, Гадаад хэрэг, худалдааны яам болгох,

-Хүүхэд залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр Засгийн газар:

Ерөнхий чиг үүргийн

1.Гадаад харилцааны яам
2.Сангийн яам
3.Хууль зүй, дотоод хэргийн яам

Чиглэлийн

1.Байгаль орчин, эрдэс баялгийн яам
2.Батлан хамгаалах яам
3.Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
4.Дэд бүтэц, хот байгуулалтын яам
5.Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам
6.Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэсэн 10 яамтай байхаар тусгасан байна. Ерөнхий сайдын хамт Засгийн газар арван гишүүнтэй байх аж.
Засгийн газрын бүтцэнд Эдийн засгийн хөгжлийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэсэн хоёр газартай байхаар заажээ.

Хуулийн төсөлд Засгийн газрын гуравны нэгээс илүүгүй хэсэг нь УИХ-ын гишүүн байж болох, тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудлыг Ерөнхий сайдын, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамруулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Одоогийн байдлаар Засгийн газрын 11 тохируулагч, 22 хэрэгжүүлэгч, нийт 33 агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Төсөлд хоёр агентлагийг шинээр байгуулж, есөн агентлагийг татан буулгаж, бусад яам, агентлагт нэгтгэснээр тохируулагч есөн, хэрэгжүүлэгч 19 агентлаг байхаар тусгажээ. Шинээр Соёл, урлагийн хороо, Цагаачлалын асуудал эрхлэх газрыг байгуулахаар тооцсон байна.

Нээлттэй Нийгэм форумаас

No comments: