Friday, March 7, 2008

Д.Гантуяа: Үндэсний аюултай байдал

Үндэсний аюулгүй байдлын бодлого алдагдаж, түүнийг хариуцсан, хуулиар ногдсон эрх бүхий байгууллагад нь ахдахаар хэмжээний ноцтой асуудлууд бий болоод байгааг манай нэртэй эрдэмтдийн нэг саявтар Өдрийн сонинд бичиж нийтлүүлснийг уншиж олныг эргэцүүлэхэд хүргэв. Үндэсний аюулгүй байдал гээд ерөнхийд нь томъёолчиход юу хэлээд байгааг мэдрээд байгаа мэт боловч задлаад, бодит амьдрал дээр буулгаад ирэхлээр огт оргүй зүйл болчих шиг санагдаад болдоггүй. Бүх зүйл үндэсний аюулгүй байдалд хамаатай болж хавтгайраад ирэх нь бүр хачирхалтай. Нэгэнт бүх зүйл хамаатай юм бол бас юу ч хамаагүй болох нь шууд дүгнэлт. Үндэсний аюулгүй байдал гэх сүржин нэртэй “хогийн сав” руу бүхий л зүйлийг, хэрэггүй болгоныг чихээд байгаа болохоор бас ашиглаад авчихаар юм ч бараг байдаггүй, үлдэгдэл маягийн улстөр хийдэг шавхруу асуудал болж будлиад байна. Цөлжилт, усны хомсдол, авилга, ядуурал, архидалт, боловсрол, мэргэжилгүйн хоцрогдол гээд даяаршсан асуудлуудаас эхлээд химийн хорт бодис, хаягдлын эмх замбараагүй зохицуулалтгүй байдал (түүний дотор Улаанбаатарын утаа, хогны асуудал багтана), модны хулгай, чанаргүй хүнс, аюултай бөгөөд хяналтгүй үйлдвэрлэл, технологи гээд Монгол онцлогтой, мэргэжлийн буюу салбарын хандлагатай, болж бүтэхгүй байгаа болгоныг үндэсний аюулгүй байдал зөрчигдөж байгаа хэмжээнд ярьдаг болжээ. Нөгөө асуудал хариуцагчид нь алийгаа гэхээ мэдэхээ больж бүх асуудал хамаатай учир нэгийг ч шийдэж, шийдвэрлэж чадалгүй өдий хүрчээ. Үндэсний аюулгүй байдал гээч нь үндэсний тодорхойгүй байдлыг үүсгэж эрдэмтний бичээд байгаа эс үйлдэл бий болгожээ.
Үндэсний аюулгүй байдалд аюул учруулаад байгаа гэх үндэслэл бүхий асуудлуудыг ажиглаад байвал нэг бол асуудал хариуцсан салбар нь шийдчих хэмжээний байдал үүссэн байх, эс бол даяаршсан шинжтэй учир шалтгаануудын улмаас үүсч буй эд баялаг, нөөц, оюун ухаан, улстөрийн шийдвэрийн хоосрол л ажиглагдаж байна. Иймээс үндэсний аюулгүй байдалд аюул учирч байна гэх нь эцсийн дүндээ ямар нэгэн зүйлийн хоосролоор тодорхойлогдож бас болж байна. Аюулгүй байдал алдагдана гэдэг нь ямар нэгэн аюултай байдал үүсснийг зөвшөөрч буй хэрэг. Харин аюултай байдал үүснэ гэдэг нь ямар нэг юм хоосроод байгааг хэлж буй юм. Юу хоосроод байгаа тухай эргэцүүлэхэд хүрсэн минь ийм учиртай.
Хоосорч буй бүхэн аймшигтай, гунигтай, харуусмаар байдаг. Өнөөдөр Монгол маань хоосорч байна уу даа гэж сэтгэлийн гүнд сүүрс алдам бодол төрөх болсоор нэлээд хэдэн жилийг үдэж байна. Уг нь би өөдрөг бодолтой, түүнийгээ хуваалцаж ярилцдаг танилуудтай хүн л дээ. Ийм цөөхөн хүн амтай, газрын хөрсөндөө гайгүй их баялагтай, 2007 оны байдлаар 40 гаруй сая гаруй малтай, өргөн уудам нутагтай улс хөгжихөд ядах юмгүй дээ гэж итгэдэг байлаа. Япон, Солонгос хөгжихөд 20-30 жил л хангалттай байсан гэж ч сонссон нь улам итгэл төрүүлдэг байлаа. Маш бага мөнгийг зөв зүйлд зарцуулахад л үйлдвэрлэл, энэ тэр нь босоод ирэх учиртай гэснийг бас сонсоод амжсан байлаа.
Гэтэл бид ийм мөрөөдөл, итгэлд хууртсаар даруй 20-иод жилийг үджээ, нэг л байрандаа. Эргээд хартал бид хоосорч байна. Тэсэхээ байгаад хэдэн залуус нь булчингаа үнэлүүлэхээр харийг зорин оджээ. Тэдний тоо лав 100 мянгад дөхсөн байх. Бүр ч олон байж магадгүй. Олон охид биеэ үнэлж байна гэх мэдээлэл үнэмшиж эхэлмээр олон дахин мэдээлж байна. Танил залуусын утсаар шөнө орой болонгуут уулзаж учиръя гэх мессеж тасралтгүй ирдэг гэж сонслоо. Оюутан охид дотуур байр, сургалтын зардал болон өдөр тутмын хэрэгцээгээ хангах шаардлагаар биеэ үнэлэгчдийн том давхаргыг бий болгоод байгаа гэж дүгнэгсэд ч байна. Ямар ч л байсан залууст, эрүүл чийрэг биетэй тэдэнд хийх ажил, олох орлого алга.
Алтны шороон ордны нөөц бараг шувтарч байгаа гэх сонсогдоно. Хол, алслагдсан болон улсын тусгай хамгаалалттай газарт дархлагдсан цөөн хэдэн орд л үлдсэн гэнэ. Төмөр, уран, зэс гээд үнэтэй цайтай олон орд гаднын хүмүүсийн нэр дээр лиценз хэлбэрээр шилжжээ. Монголын газар нутгийн багагүй хэсгийг 8000 гаруй лиценз эзэмшигч хяналтдаа байлгаж байна. Дундраад буй алтны араас орох баялгийн жагсаалтыг гаргахад төдөх юмгүй. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас бүхэл бүтэн уулыг төмрийн баялагтай нь 1, 2-хон жилийн дотор Хятад руу зөөжээ. Сэлэнгийн хусан ой хятад хоолны газрын савх болон дуусч байна. Олон гол, горхи, булаг, шанд, нуур, цөөрөм усаа татаж, ширгэж хатжээ.
Монголын уламжлалт мал аж ахуй сүйрч байна. Хүйтэн хошуут, явсан газраа үгүйрүүлж хоосруулдаг гэх ямааны тоо өсч 18 сая болжээ. Архангайн Хашаат гэхэд л Замын Үүд шиг болсон байна. Худал гэвэл, айлын хашааг давтал хунгарласан элсэн даланг очоод үз. Уламжлалт сүргийн бүтэц алдагдсан байна. Малчид ирээдүйдээ итгэлгүй, өнөө маргаашаа аргацааж, ямаагаа л өсгөж, хятад наймаачдад ноолуураа зарж ганц орлого олж байна. Түүгээрээ л үр удмаа сургах, тэжээх зардлыг бүрдүүлж, яаж ийгээд хот суурин бараадуулах арга саамыг эрж байна. Тиймд бас тэднийг буруутгах арга алга. Сүхбаатар аймгийн өмнөдийн, Дорноговь, Дундговийн хойгуурхи, нийтдээ 40 гаруй сумын малчид сүүлийн 3-5 жил орон нутагтаа очиж чадалгүй нүүдэллэж байна. Бэлчээр байхгүй болжээ. Багаар бодоход 80 мянган хүн, дөрвөн сая малын хувь заяа бүрхэг байна. Тэдний нутаг дэлхийн дулаарлын золиос болсон гэж учир мэдэх хүмүүс дуугарч байна. Энэ их нүүдэл, суудлыг дагаад монгол уламжлал, түүнийг тээгч нүүдэлчин малчны соёл гээгдэж байна.
Монгол Улс өөрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр огт ахихгүй байна. Хэдэн ноолууран цамц, хивс, архинаас өөр бодогдох, санаанд торох зүйл бага. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл байхгүйгээс ДНБ өсөхгүй байна. Түүнээс болж олон хоосрол үүдэж байна. Ажлын байр байхгүйгээс ажил хийж чадах хүн хомсдож байна. Үүнийг цөөн ч гэсэн ажил олгогч хэдэн эзэд үгээ баран хэлж байна. Арга ядахдаа хятадаас ажилчид авч байна. Хятад хүн Монголд ажиллаад орлого олж байна. Монгол хүн чадвар, бүтээлээр хоосорч эхлээд байна. Байшингаа, замаа барьж чадахгүйд хүрч байна. Монгол хүнээр ажил хийлгэхгүй гэсэн тушаалыг ажил олгогчид гаргахад бэлэн болжээ. Хот байгуулалт гэж хөгийн юм байна. Хэдэн жилийн өмнө ямар л байсан тэр л янзандаа. Хувийн хэвшлийн эмх замбараагүй барьсан, бариулсан хэдэн байшинг эс тооцвол бүр юу ч хийгээгүй гэсэн үг. Ичдэггүй, улайм цайм худал ярьдаг хүмүүсээс хэзээ салах бол гэхээс санаа алдмаар болжээ. Арай дэндүү. Нийслэл хот ийм байхаар яаж энэ улс өөдлөх вэ. Ажил хийх чадварын хомсдолд бид орж байна.
Энэ бүх хомсдол ганц зүйлээс болж байна. Энэ бүгдийг улстөрийн бодлогын хомсдол бий болгож байна. Улстөрийн бодлогын хоосрол, ядуурал ийм байдалд хүргэж байна. Үндэсний аюултай байдал үндэсний хоосролоос эхтэй бол үндэсний хоосрол нь улстөрийн бодлогын хоосролоор бүрэн тодорхойлогдож байна. Улстөрийн бодлогын хоосрол байгалийн нөөцийн төдийгүй төрийн албаны, боловсрол, мэргэжлийн гээд материаллаг бус нөөцийн хоосролыг бий болгож байна. Хоосрон буй Монголоо харахад бүх юм байгаа юм шиг тэмцэлгүй нэгэн шиг, эс бол сүйрэх нь гарцаагүй болчихсон хөлөг онгоц шиг санагдаж байна. Үндсэн асуудлаа олж чадахгүй мунгинаж эцэстээ цогц бодлого нэрээр бүхнийг шийдэх гэж өвчигнөж эхэлцгээлээ. Бүхнийг шийднэ гэдэг юуг ч шийдэхгүйг хэлж байгааг хүлээн зөвшөөрөх улстөрч алга. Цогц байдал хоосонтой тэнцүү гэдгийг харин иргэд, улстөрөөс хол байгаа хэд чинь л хэлээд байна даа. Бурхан өөрөө төгс төгөлдөр, цогц байдал нь учраас жирийн бидэнд үзэгдэж харагддаггүй, хоосон чанар болж хувирдаг бил үү.


Эх үүсвэр: Нээлттэй Нийгэм Форумаас

No comments: